“Nashville” болон “Heroes” цувралаараа олонд танигдсан Америкийн жүжигчин Хайден Панеттьер наймдугаар сарын 16-нд 36 насандаа таалал төгссөн билээ. Тэгвэл Гринвилл хотын цагдаагийн газраас түүний үхлийг сэжигтэй тохиолдол биш хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг албан ёсоор хаасан тухай мэдэгдлээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлт болон мөрдөн байцаалтын үр дүнд үндэслэн түүнийг санамсаргүй байдлаар тун хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан гэж үзсэн байна. Өнгөрсөн сард “Associated Press” агентлагийн танилцсан задлан шинжилгээний тайланд дурдсанаар, тэрбээр донтолтын эсрэг эмчилгээнд хамрагдсаныхаа дараа фентанил зэрэг хэд хэдэн төрлийн бодисыг санамсаргүйгээр хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Жүжигчин бүсгүй Өмнөд Каролина дахь нэгэн сууцанд зүрх нь зогссон байдалтай олдсон юм.
Хайден Панеттьер нь хүнд жингийн боксын дэлхийн аварга асан Владимир Кличкотой харилцаатай байхдаа төрсөн 11 настай Кая Евдокия Кличко хэмээх охинтой. Тэрбээр төрсний дараах сэтгэл гутрал болон донтолттойгоо тэмцэж байх үедээ буюу 2018 онд охиноо өсгөх бүрэн эрхийг Кличкод шилжүүлж байжээ.
Түүний аав Скип Панеттьер охиноо “эргэн тойрныхондоо болон дэлгэцийн цаанаас түүнийг үзсэн сая сая хүнд хэмжээлшгүй их хайр, баяр баясгаланг авчирдаг байгалийн хүч мэт гайхалтай гэрэл байсан” хэмээн дурсан мэдэгдэл гаргасан байна.
Холбооны эрх баригчид энэ хэргийг тусдаа үргэлжлүүлэн шалгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Панеттьер нь жүжиглэхээс гадна дуу хөгжмийн ертөнцөд мөрөө үлдээсэн бөгөөд “Nashville” цувралын дуунуудаараа Billboard-ын чартад бичигдэж явсан уран бүтээлч байв.