Wuhan Open тэмцээний хагас шигшээд Польшийн теннисчин, Их дуулгын 6 удаагийн аварга Ига Швёнтек болон түүний багын найз Майя Хвалиньска нар хоорондоо таарч тоглолоо.

Эхний сетэд Швёнтек 5-3 харьцаагаар тэргүүлж, сетийг дуусгах боломжтой байсан ч Хвалиньска хэд хэдэн сет пойнт хамгаалж, гурван гейм дараалан авснаар оноог эргүүлсэн юм. Улмаар Швёнтек 6-5 онооны үед зүүн хөлөндөө эмчилгээ хийлгэхээр завсарлага авсан ч бэртлийн улмаас бүрэн хөдөлж чадалгүй эхний сетийг алджээ.

Хоёрдугаар сет эхлэх үед Швёнтек нулимс дуслуулан өөрийн фитнесс дасгалжуулагч, физио эмч Мачей Рышчуктэй ярилцаж байв. Рышчук түүнд өвчин намдаагч уух эсвэл гэмтлээ сэдрээхгүйн тулд тоглолтыг дундаас нь зогсоохыг гурван ч удаа зөвлөсөн байна. Гэвч Швёнтек өөрөө тоглолтоо үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, улмаар хоёрдугаар сетийг 6-1 харьцаагаар ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Тоглолтын дараа шүтэн бишрэгчид нь бэртэлтэй тоглогчийг хүчээр тоглуулсан хэмээн дасгалжуулагчийг буруутгасан ч Рышчук X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан тоглолтоо дуусгах шийдвэрийг Швёнтек өөрөө гаргасан гэж тайлбарлав. Мөн тэрээр тоглолтын үеэр утас ашигласан хэмээн шүүмжлүүлсэн бөгөөд үүнийгээ эмнэлгийн мэргэжилтэнтэй холбогдож, тоглолтын статистикийг хянаж байсан хэмээн мэдэгджээ.