Холливудын нэрт жүжигчин Жорж Клунигээр дэмжүүлсэн залуу жүжигчин Каллум Тернер Жеймс Бондын дүрд тоглох тухай цуу ярианд анх удаа ам нээлээ. Британийн “Fantastic Beasts” болон “Masters of the Air” киногоороо олонд танигдсан 34 настай жүжигчин маань энэ талаар асуусан сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулт өгөхөөс татгалзсан байна.

Тэрээр NME-д өгсөн ярилцлагадаа: “Бүр хамгийн сайн найзууд маань хүртэл энэ талаар асууж, 10 жил яриагүй хүмүүс хүртэл мессеж бичиж байна. Гэтэл үнэндээ би юу ч мэдэхгүй!” хэмээн хариулжээ. Түүнийг Жеймс Бондын дүрд тоглох магадлалтай хэмээн цуу яриа гарах болсон нь Холливудын алдартай жүжигчин Жорж Клуни түүнийг энэ дүрд хамгийн тохиромжтой хүн хэмээн онцолсноос үүдэлтэй юм.

Жеймс Бондын дүрийг хэн бүтээх вэ гэдэг нь дэлхий даяарх кино сонирхогчдын анхаарлыг хамгийн их татдаг сэдвүүдийн нэг билээ. Дэниел Крейг энэ дүрээс татгалзсанаас хойш олон авьяаслаг жүжигчдийн нэрс яригдаж байгаа ч, одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. Каллум Тернерийн хувьд энэ нь зүгээр л цуу яриа гэдгийг онцолж байгаа ч, түүнийг ирээдүйн 007 хэмээн харах үзэгчид цөөнгүй байна.