Грэммийн шагналт кантри урсгалын алдарт дуучин Тим Макгро (Tim McGraw) өөрийн “Pawn Shop Guitar” аялан тоглолтын үеэр тайзан дээр унасан явдлаа хошигнон дурджээ.
Өдгөө 59 настай дуучин өнгөрсөн пүрэв гарагт буюу 8 дугаар сарын 27-нд Цинциннати хотын “Riverbend Music Center”-т тоглолтоо хийж, 1995 оны “I Like It, I Love It” хит дуугаа дуулж байхдаа унасан байна. Үзэгчдийн бичсэн бичлэгээс харахад түүний ковбой гутал тайзны завсарт тээглэсэн бололтой бөгөөд үүний улмаас газарт унажээ. Гэвч дуучин дороо хурдан хөл дээрээ босож, дуугаа тасралтгүй үргэлжлүүлэн дуулсан байна.
Тэрээр дараа нь сошиал медиа хуудсандаа тоглолтын зургуудаа оруулахдаа “Цинциннати, би хоёр хөл дээрээ тогтож чадаагүй ч та нар бидний амралтын өдрүүдийг зөв хөлөөр нь эхлүүллээ” хэмээн өөрийгөө шоглон бичжээ.
Шүтэн бишрэгчид нь түүний энэхүү уналтад сэтгэгдэл хэсэгт тоглоом шоглоомоор хариу үйлдэл үзүүлсэн байна. Нэгэн шүтэн бишрэгч нь “Охид чинь гэр бүлийн чатыг дэлбэлсэн байх даа” гэсэн бол өөр нэг нь “Түүнийг өнөө орой хөөстэй уутаар ороох хэрэгтэй” хэмээн хошигножээ. Мөн нэгэн үзэгч түүнийг гэмтэл аваагүйд баяр хүргэж, мэргэжлийн түвшинд шууд босоод дуулсанд нь талархсан байна.
Түүний аялан тоглолт 7 дугаар сарын дундуур эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 29-нд Флорида мужийн Вест Палм Бич хотод өндөрлөх хуваарьтай байгаа аж.