Америкийн кантри хөгжмийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг алдарт менежер Дейл Моррис 89 насандаа таалал төгссөн талаар түүний төлөөлөгчид мэдээллээ. Тэрбээр Баасан гарагийн шөнө (8-р сарын 21) нойрондоо тайван ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд нас барсан тодорхой шалтгааныг зарлаагүй байна.
Хөгжмийн салбарт уран бүтээл туурвиж, дуу зохиогчоос гараагаа эхэлсэн тэрбээр хожим бизнесийн чиглэл рүү шилжсэн юм. Моррис 1979 онд Өмнөд Каролинад Alabama хамтлагтай анх танилцаж, менежментийг нь хариуцах болжээ. Түүний удирдлага дор тус хамтлаг Billboard-ийн Hot Country Songs чартад 33 дуугаа тэргүүн байрт бичүүлсэн нь дуэт болон хамтлагуудын дундах дээд амжилт болсон бөгөөд асар том хэмжээний аялан тоглолтуудыг амжилттай хийсэн байна.
Мөн Дейл Моррис 1990-ээд оны эхээр тухайн үед шинээр гарч ирж байсан кантри дуучин Кенни Чеснигийн менежерээр ажиллаж эхэлжээ. Чесни нь Billboard-ийн Country Airplay чартад 33 дуугаараа тэргүүлсэн дээд амжилтыг эзэмшдэг, кантри хөгжмийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой аялан тоглолтын уран бүтээлчдийн нэг болсон юм. Үүнээс гадна Моррис нь Мартина Макбрайд, Барбара Мандрелл, Old Dominion, Жейк Оуэн зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байв.
Моррис Higham Management-ийн ерөнхийлөгч Клинт Хайгам түүнийг дурсахдаа хөгжмийн ертөнцөд нэгэн эрин үе төгсөж буйг онцолсон юм. Тэрбээр 2014 онд T.J. Martell Foundation-ийн насан туршийн амжилтын шагнал хүртэж байжээ. Гэр бүлийнхэн нь цэцэг илгээхийн оронд St. Jude Children’s Research Hospital эмнэлэгт хандив өргөхийг хүссэн бөгөөд түүнийг дурсах арга хэмжээг энэ намар зохион байгуулахаар төлөвлөж байна.