Их Британийн алдарт хөгжимчин, рок хөгжмийн домог Дэвид Боуигийн уран бүтээлд зориулсан 'David Bowie: You’re Not Alone' үзэсгэлэн Лондон хотын Lightroom-д үргэлжилж байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, тус үзэсгэлэн нь аравдугаар сар хүртэл өдөр бүр үзэгчдэд нээлттэй байх юм. Үүгээр зогсохгүй, оройн цагаар зохион байгуулагддаг үзвэрүүдийг ирэх нэгдүгээр сар хүртэл сунгахаар болсон байна.
Үзэсгэлэнгийн хүрээнд шинээр амьд тоглолтууд болон харанхуй орчинд цомог сонсох тусгай арга хэмжээнүүд нэмэгдэж байгааг NME мэдээллээ. Энэхүү үзэсгэлэн нь Дэвид Боуигийн уран бүтээлийг илүү өргөн хүрээнд, мэдрэмжтэйгээр мэдрэх боломжийг шүтэн бишрэгчдэд нь олгож буй юм.