Америкийн дуучин, бүжигчин, хөгжмийн зохиолч, продюсер Майкл Жексоны тухай намтарчилсан кино дэлхий даяар нээлтээ хийхэдээ л 200 сая ам.долларын ашиг олох магадлалтай байна. Lionsgate кино компаниас бүтээж буй “Майкл” кино нь АНУ-д нээлтээ хийх эхний долоо хоногтоо 95-100 сая ам.долларын ашиг олно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Майкл Жексон бол дэлхийн поп соёлд асар их нөлөө үзүүлсэн, “поп хаан” хэмээн алдаршсан уран бүтээлч билээ. Түүний “Thriller”, “Bad”, “Dangerous” зэрэг цомгууд нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомгуудын тоонд зүй ёсоор ордог. Түүнийг хүмүүс сайн бүжиглэдгээр нь, ялангуяа “moonwalk” хэмээх бүжгийн хөдөлгөөнөөр нь илүү сайн мэднэ.
Энэхүү кинонд Майкл Жексоны амьдралын түүх, уран бүтээлийн замнал, туулж өнгөрүүлсэн бэрхшээлүүдийг харуулах гэнэ. Мөн түүний хувийн амьдрал, дуулиан шуугиан, шүүх хурлуудын талаар ч өгүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Залуу үеийнхний хувьд Майкл Жексоныг илүү сайн мэдэх, түүний уран бүтээлийг үнэлэх, түүхэн ач холбогдлыг ойлгох сайхан боломж гэж үзэж байна. Харин ахмад үеийнхний хувьд дурсамжаа сэргээх, поп хааны гайхамшигт ертөнцөд дахин аялах боломж бүрдэх биз ээ.