Ажил амьдралдаа ахиц гаргах эсвэл карьераа өсгөхийн тулд бид олон төрлийн мэргэжлийн сертификат авдаг. Гэвч заримдаа хичээл зүтгэл маань үр дүнгээ өгөхгүй, ердөө ганцхан онооны зөрүүтэйгээр шалгалтад унах нь сэтгэл зүйн хувьд маш хүнд цохилт болдог. Саяхан Entrepreneur сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн түүх олон залуучуудад сургамж болохоор байна. Нэгэн мэргэжилтэн ижилхэн шалгалтад хоёр удаа дараалан, яг л нэг онооны дутуугаар унаж, бүтэн жилийг дэмий өнгөрөөжээ.
Тэрээр өөрийн алдааг дүгнэхдээ гурван үндсэн асуудлыг онцолсон байна. Нэгдүгээрт, тэрээр зөвхөн уншиж цээжлэхэд анхаарснаас биш, бодит дадлага хийгээгүй байна. Ном унших нь мэдээлэл өгөх ч, шалгалтын нөхцөл байдалд асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг сургадаггүй. Хоёрдугаарт, тэрээр цагийн менежментээ буруу хийж, хүнд сэдвүүдээ хойш тавьсаар эцэст нь гүнзгийрүүлэн судлах цаггүй болдог байжээ. Гуравдугаарт, өөрийгөө сорих тест буюу "mock exam"-ыг огт ашиглаагүй нь хамгийн том алдаа байв.
Эдгээр алдааг засахын тулд тэрээр сургалтын шинэ систем боловсруулжээ. Юуны өмнө, тэрээр зөвхөн онол уншихаа больж, өдөр бүр тодорхой тооны дадлагын тест бөглөж, алдаа бүрээ яагаад гаргаснаа нарийвчлан судалдаг болсон байна. Мөн "Active Recall" буюу мэдээллийг санах ойгоосоо идэвхтэйгээр сэргээх аргыг хэрэглэж эхэлжээ. Энэ нь тархийг илүү хүчтэй ажиллуулж, мэдээллийг удаан хугацаанд хадгалахад тусалдаг байна.
Эцэст нь, тэрээр шалгалтад бэлдэх гэдэг нь зүгээр л их унших биш, харин өөрийн сул талыг олж илрүүлэн, түүнийгээ системтэйгээр засах үйл явц гэдгийг ойлгосон байна. Хэрэв та яг одоо ямар нэгэн шалгалтад бэлдэж байгаа бол өөрийн суралцах арга барилаа эргэн нэг хараарай. Магадгүй танд илүү их хичээл зүтгэл биш, харин илүү ухаалаг систем хэрэгтэй байж мэднэ.