Оскарын шагналт жүжигчин Николь Кидман Словакийн дуучин, ая зохиогч Аделагийн тоглолтыг үзэхээр төлөвлөж буйгаа ярьжээ. Өнгөрсөн лхагва гарагт буюу наймдугаар сарын 26-нд болсон “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтийн үеэр нэгэн шүтэн бишрэгч нь түүнээс Аделаг мэдэх эсэхийг асуусан бичлэг цацагдсан байна.

Эхэндээ Кидман түүнийг танихгүй гэж хариулсан боловч шүтэн бишрэгч нь дуучин түүний нэрээр нэрлэсэн дуутай болохыг тайлбарласны дараа жүжигчин бүсгүй санаж, “Би түүнийг яг мэднэ, тэр Нэшвиллд ирэх бөгөөд би түүнийг очиж үзнэ” хэмээн хэлжээ. Түүнчлэн Кидман дуучныг Словак гаралтай эсэхийг нь лавлаж асуусан байна.

Адела есдүгээр сарын 4-нд “PRIMA” хэмээх анхны цомгоо гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 11 дуутай жагсаалтын хоёр дахь дуу нь “Nicole Kidman” нэртэй юм. Түүний “Ain’t in LA” нэртэй сингл нь өмнө нь Billboard Hot 100 чартын 85 дугаарт бичигдэж байв. Одоогоор тэрээр “Red Bottoms Tour” аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа ба есдүгээр сарын 21-нд Нэшвилл дэх The Basement East-д тоглохоор товлогджээ.

Инстаграм дахь @adeladiary фэн хуудасны мэдээлснээр, Адела Кидманы хэлсэн эелдэг үгэнд сэтгэгдэл бичиж, гайхан баярлаж буйгаа илэрхийлсэн байна.