Оливия Родриго бол Америкийн залуу дуучин, жүжигчин бөгөөд түүний “Drivers License”, “Good 4 U” зэрэг дуунууд дэлхий даяар залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн билээ. Тэгвэл тэрээр 2024 онд “GUTS” нэртэй хоёр дахь цомгийнхоо хүрээнд Европ, Хойд Америк, Их Британиар аялан тоглолт хийхээр болсноо саяхан зарлалаа.
Түүний аялан тоглолт 2024 оны 2-р сарын 23-нд АНУ-ын Калифорни мужийн Палм Спрингс хотоос эхлэх бөгөөд 2024 оны 8-р сарын 14-нд Лос Анжелес хотод өндөрлөх юм байна. Аялан тоглолтын хүрээнд Лондон хотын “The O2” концертын танхимд дөрвөн удаа, Бруклины “Barclays Center”-т мөн дөрвөн удаа тоглолт хийхээр төлөвлөгдсөн байна.
Түүний аялан тоглолтод Wolf Alice, The Last Dinner Party, Remi Wolf зэрэг олон алдартай хамтлаг, дуучид оролцох юм байна. Фэнүүд нь аялан тоглолтын тасалбарыг хэзээ худалдаанд гарахыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд тасалбар худалдаанд гарсан даруйдаа л дуусах байх гэж таамаглаж байна. Оливия Родригогийн аялан тоглолт залуусын дунд маш их хүлээлт үүсгээд байна.