Америкийн дуу хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг, поп-рок урсгалаараа олонд танигдсан Пинк (жинхэнэ нэр нь Алиша Бет Мур) “NMPA Songwriter Icon Award”-ын эзэн боллоо. Энэхүү шагналыг Америкийн Хөгжим Хэвлэн Нийтлэгчдийн Үндэсний Холбоо (NMPA)-ноос жил бүр олгодог бөгөөд дууны үг, аялгуу зохиогчийн хувьд салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг алдаршуулдаг юм байна.
Пинк нь “Get the Party Started”, “Just Like a Pill”, “So What”, “Raise Your Glass” зэрэг олон арван хит дууг бүтээж, өөрийн хүчирхэг хоолой, тайзны гайхалтай үзүүлбэрээрээ дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан билээ. Түүний дуунууд нь хүчтэй эмэгтэйлэг байдал, өөртөө итгэх итгэл, хайр дурлал, хэцүү сорилтуудыг даван туулах тухай өгүүлдэгээрээ онцлогтой.
Энэхүү шагналыг зөвхөн Пинк гэлтгүй, дуу зохиогч Жулиан Бунетта болон Recording Academy-ийн Гүйцэтгэх захирал Харви Мэйсон Жуниор нар мөн хүртэхээр болжээ. Шагнал гардуулах ёслол NMPA-ийн жилийн ээлжит хуралдааны үеэр болох юм байна. Пинк энэхүү шагналыг авснаар дуу хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрээ дахин нэг удаа баталгаажуулж байгаа бөгөөд залуу уран бүтээлчдэд урам зориг өгөх нь дамжиггүй.