Битлз хамтлаг бол дэлхий дахинд алдартай, Английн рок хөгжмийн түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан хамтлаг билээ. Тэгвэл тус хамтлагийн гол гишүүдийн нэг, домогт хөгжимчин Пол Маккартни саяхан Лондон хотын Abbey Road Studios-т болсон арга хэмжээний үеэр шинэ цомгийнхоо талаар ярилцлага өгч, фенүүдтэйгээ дурсамжаа хуваалцсан байна.
Түүний “The Boys Of Dungeon Lane” нэртэй цоо шинэ цомог нь энэ сарын сүүлээр худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ цомог нь түүний хувьд маш их дурсамжийг агуулсан бүтээл болсон гэнэ. Пол Маккартни энэ үеэр “Дурсамж гэдэг үнэхээр этгээд зүйл. Энэ цомгийг бүтээх явцад би Битлз хамтлагийн гишүүд болон хамтдаа өнгөрүүлсэн цаг үеэ маш ихээр дурссан” гэж онцолжээ.
Тэрээр мөн Битлз хамтлагийн гишүүн асан Жон Леннон болон Жорж Харрисон нарын тухай дурсан ярьж, тэдний хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрийг үнэлсэн байна. Энэхүү арга хэмжээнд оролцсон фенүүд Пол Маккартнигийн яриаг маш ихээр сонирхож, түүний шинэ цомгийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн гэнэ.