Америкийн хип хоп ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг, Луизиана мужаас гаралтай реппер Мистикал (жинхэнэ нэр нь Майкл Тайлер) хүчингийн хэрэгт буруутай нь тогтоогдож, 20 жилийн хорих ял сонслоо. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард шүүх хуралдааны үеэр гуравдугаар зэргийн хүчингийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Өдгөө 53 настай реппер Мистикал нь 90-ээд оны сүүл болон 2000-аад оны эхээр “Shake Ya Ass”, “Danger (Been So Long)” зэрэг хит дуунуудаараа дэлхий дахинд танигдсан, Грэммийн шагналд нэр дэвшиж байсан нэр хүндтэй уран бүтээлч юм. Түүнийг 2021 онд Луизиана мужийн нэгэн байшинд эмэгтэй хүнийг хүчирхийлсэн, мөн хууль бус үйлдэл гаргасан хэмээн буруутгаж байжээ.

Хэрэг явдал гарсны дараа түүнийг баривчилж, удаан хугацааны турш мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсэн юм. Шүүхээс түүнд оноосон 20 жилийн ял нь түүний уран бүтээлийн замнал төдийгүй хувийн амьдралд нь томоохон цэг тавьж байна. Реппер Мистикал нь өмнө нь ч хуулийн асуудалд хэд хэдэн удаа холбогдож байсан түүхтэй бөгөөд энэ удаагийн ял нь түүний карьер дахь хамгийн хүнд цохилт боллоо.

Энэхүү үйл явдлыг АНУ-ын хөгжмийн салбарынхан болон шүтэн бишрэгчид нь ихээхэн анхааралтай ажиглаж байна. Хэдийгээр тэрээр нэгэн цагт рэп хөгжмийн ертөнцийг доргиож байсан ч одоо ийнхүү хуулийн хатуу шийтгэлийг хүлээн авч, урт хугацааг шоронд өнгөрүүлэхээр боллоо.