Netflix платформын шинэ триллер төрлийн The Whisper Man киноны нээлтийн өмнө Mashable агентлагийн гүйцэтгэх продюсер Марк Стетсон тус бүтээлийн гол дүрүүд болох Роберт Де Ниро, Адам Скотт, найруулагч Жэймс Эшкрофт болон зохиолч Алекс Норт нартай ярилцсан байна. Тэд үе дамжсан сэтгэцийн шаналал (травма), эцэг ба хүү хоорондын ээдрээтэй харилцаа болон номыг дэлгэцийн бүтээл болгон хувиргах явцын талаар хөнджээ.
Зохиолч Алекс Норт өөрийн номын гол сэдвийн талаар хуваалцахдаа: "Би өвөө, аав, хүүгийн хоорондын харилцаа болон үе дамжсан шаналал хэрхэн янз бүрээр илэрдэг тухай бичихийг хүссэн. Бид бага насандаа тохиолдсон зүйлсэд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг, хүүхдүүдээ түүнээс яаж хамгаалдаг, юуг нь өвлүүлж, юуг нь өвлүүлэхгүй үлдээдэг тухай юм" гэдгийг онцолсон байна.
Жүжигчин Адам Скотт уг зохиолын сэдэвт онцгойлон татагдсан бөгөөд дүрүүд аймшигт сэтгэцийн шаналлыг туулж байх явцдаа харилцаагаа засахыг хичээж буй нь зохиолын сонирхолтой хэсэг байсан гэдгийг дурджээ. Мөн Холливудын нэрт жүжигчин Роберт Де Ниро эцэг, хүүгийн уг харилцаа нь кино зохиолд өөрийг нь татсан гол хүчин зүйлсийн нэг байсныг нэмж хэлсэн байна.
Ярилцлагын төгсгөлд Роберт Де Ниро өөрсдийн шүтээн болсон алдартнуудтайгаа хамтран ажиллах үедээ өөртөө итгэлгүй болох хам шинж (imposter syndrome) мэдэрдэг залуу жүжигчдэд хандан зөвлөгөө өгчээ. Тэрээр хэрэв энэ мэдрэмж нь тухайн хэсгийн зураг авалтад саад болохоор нөлөөлж байвал "Зүгээр дээ, санаа бүү зов. Хоёр өдрийн дараа энэ бүхэн зүгээр л арилна. Энд ердөө л бид байна" гэж тайвшруулан хэлдэг болохоо хуваалцсан байна.
Одоогоор The Whisper Man кино нь Netflix платформ дээр цацагдаж эхлээд байна.