Рок хөгжмийн ертөнцийн амьд домог гэгддэг Британийн алдарт дуучин Род Стюарт саяхан шүтэн бишрэгчдийнхээ дургүйцлийг ихээхэн хүргэв. Тэрээр Калифорни мужид товлогдсон тоглолтоо гэнэт цуцалснаас хэдхэн цагийн дараа Бостон хот руу нисэж, Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг үзэж буй бичлэгээ өөрийн цахим хуудсанд оруулсан нь олны анхаарлыг татлаа.
79 настай дуучин маань тоглолт цуцалсан шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй ч, ийнхүү хэдхэн цагийн дараа өөр хотод зугаацаж яваа нь олон хүнд хүндэтгэлгүй үйлдэл мэт санагджээ. Түүнийг тоглолтоо үзэхээр урт хугацаанд хүлээж, тасалбар худалдан авсан шүтэн бишрэгчид нь сошиал орчинд “Биднийг үл тоомсорлолоо”, “Үнэхээр урам хугарлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна.
Род Стюарт нь “Maggie May”, “Da Ya Think I’m Sexy?” зэрэг олон арван хит дуугаараа дэлхий даяар алдаршсан нэгэн билээ. Хэдийгээр тэрээр өндөр настай ч эрч хүчтэй тоглолтуудаараа алдартай байдаг ч энэ удаагийн үйлдэл нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэллээ. Одоогоор дуучны багийн зүгээс энэ асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.