Америкийн нэрт рэппер, кино продюсер 50 Cent өөрийн дуртай жимстэй хөлдөөсөн зайрмагаа хогийн сав руу хаяж буй бичлэгээ цахим сүлжээнд нийтэлж, дагагчдадаа сэрэмжлүүлэг хүргэлээ.
Үйлдвэрлэгч Dreyer’s Grand Ice Cream компани энэ долоо хоногийн эхээр Outshine Fruit Bars брэндийн зарим нэр төрлийн зайрмагт гаднын биет буюу шилний хэлтэрхий орсон байж болзошгүй тул сайн дурын үндсэн дээр татан авалт хийж байгаагаа зарласан юм. Тус татан авалтад гүзээлзгэнэ, тарвас, усан үзэм, мандарин болон хар интоорын амттай 5 нэр төрлийн зайрмаг хамаарчээ. АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас (FDA) тус компанийн мэдэгдэл болон татан авалтад орсон багцын кодуудыг нийтэлсэн байна.
50 Cent өөрийн Instagram хуудсандаа усан үзэм, гүзээлзгэний амттай зайрмагуудыг хаяж буйгаа харуулаад, уг таван амтнаас авсан бол яаралтай хаяхыг уриалжээ. Тэрбээр бухимдлаа илэрхийлэхдээ “Хэрэв та эдгээрийг иддэг бол дотор нь шил байж болзошгүй гээд татан авч байгаа тул шууд хаях хэрэгтэй. Одоо бүр зайрмаг ч идэж болохоо байлаа” хэмээн ярьсан байна. Түүнчлэн тэрбээр АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нарийн бичгийн дарга Роберт Ф. Кеннеди Жр.-ын зураг бүхий мемийг татан авалтад орсон амтнуудын жагсаалтын хамт нийтэлжээ.