Америкийн хөгжмийн менежер, бизнесмэн Скутер Браун “Second Thought With Suzy Weiss” подкастад оролцох үеэрээ дуучин Тэйлор Свифттэй холбоотой дуулианы талаар ярилцлага өгчээ. Тэрээр Тэйлор Свифтийг ердөө гурван удаа л уулзаж байснаа онцолсон байна.
Скутер Браун нь Жастин Бибер, Ариана Гранде зэрэг олон алдартай уран бүтээлчдийн менежерээр ажилладаг. Түүний “Ithaca Holdings” компани 2019 онд Тэйлор Свифтийн хуучин студи болох “Big Machine Records”-ыг худалдан авсан нь хоёр уран бүтээлчийн хооронд маргаан дэгдээсэн юм. Тэйлор Свифт тухайн үед өөрийн хөгжмийн эрхийг буцааж авахыг хүссэн ч Браун татгалзсан гэдэг.
Энэхүү маргаан Скутер Брауныг олон нийтийн шүүмжлэлд өртөхөд хүргэсэн бөгөөд түүнийг Тэйлор Свифтийн карьер болон уран бүтээлд саад учруулсан хэмээн буруутгаж байсан. Браун подкастын үеэр энэ бүхэн түүнд хүндээр туссан бөгөөд тэрээр өөрийгөө “гэнэт муу санаатан болсон” мэт мэдэрсэн гэжээ.
Тэрээр мөн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Тэйлор Свифттэй уулзаж, ярилцахыг хүссэн ч боломж олдсонгүй гэж мэдэгдсэн. Одоогийн байдлаар Тэйлор Свифт энэ мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй байна.