Алдарт дуучин Сэм Смит поп хөгжмийн томоохон төлөөлөгч Мадонна-гаас авсан дэмжлэгийнхээ талаар нээлттэй ярьжээ. Тэрээр Apple Music-ийн хөтлөгч Зэйн Лоутой хийсэн ярилцлагынхаа үеэр 2022 онд дуучин Ким Петрастай хамтран гаргасан "Unholy" дуу нь шүүмжлэл, маргаан дагуулж байх үед Мадонна түүн рүү биечлэн холбогдож байсан тухай хуваалцсан байна.
Уг бүтээл нь Billboard Hot 100 чартыг тэргүүлсэн хэдий ч дүрс бичлэг болон амьд тоглолтын үзүүлбэрүүдээсээ шалтгаалан олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөж байсан юм. Сэм Смит энэ талаар ярихдаа: "Мадонна бол миний ээж л гэсэн үг. Маргаан дэгдмэгц л тэр надтай заавал холбогдохоор зорьсон. Тэр квир нийгэмлэг болон уран бүтээлчдэд юу тохиолдож байгааг маш сайн мэддэг" хэмээн онцолжээ.
Смит цааш ярихдаа Мадоннагийн уран бүтээлийг бэлгийн цөөнх хүмүүсийн хувьд "амин чухал тулгуур" хэмээн тодорхойлж, олон үеийн турш өөрийгөө шинэчлэн, тууштай урагшилж ирсэн чадвар нь түүнд ихээхэн урам зориг өгдөг гэв.
Хоёр уран бүтээлч 2023 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын дараа хамтран ажиллаж, 2023 оны зургаадугаар сард "Vulgar" хэмээх дуугаа цацсан юм. Тухайн Грэммийн тайзан дээр Мадонна Смит болон Петрас нарын "Unholy" үзүүлбэрийг танилцуулахдаа тэднийг шүүмжлэлийг даван туулж чадсан уран бүтээлчид хэмээн тодотгож байжээ.
Сэм Смит одоогоор өөрийн тав дахь студийн цомог болох "Hazel Eyes"-ийг энэ баасан гарагт сонсогчдод хүргэхээр бэлтгэж байна.