Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн хатан хаан гэгддэг Тейлор Свифт болон NFL-ийн алдарт тамирчин Трэвис Келси нарын харилцаа олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, хосууд ирэх долдугаар сарын 3-нд Нью-Йорк хотын алдарт “Мэдисон Сквер Гарден”-д хуримын ёслолоо хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үйл явдал нь тэдний карьерын хамгийн том “шоу” болох бололтой.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Тейлор Свифт хуримын хүлээн авалтаа ердийн нэгэн үдэшлэгээс илүүтэйгээр томоохон хэмжээний концертын тайзны түвшинд зохион байгуулахаар зэхэж байна. Үүний тулд тэрээр алдарт “Rock Lititz” компанитай хамтран тусгай тайз бүтээлгэж байгаа аж. “Rock Lititz” нь дэлхийн хэмжээний томоохон аялан тоглолтуудын тайз засал, техник технологийг хариуцдаг нэр хүндтэй газар юм.

Тейлор Свифт нь өөрийн “Eras Tour” аялан тоглолтоороо тайзны засал, гэрэлтүүлэг, технологийн шийдлээрээ дэлхийг гайхшруулсан. Харин энэ удаад тэрээр хуримынхаа үеэр яг л өөрийн тоглолт шиг гайхалтай үзүүлбэрүүдийг бэлтгэж байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дунд хүлээлтийг улам бүр нэмэгдүүлж байна. Трэвис Келсигийн хувьд Америкийн хөлбөмбөгийн “Канзас Сити Чифс” багийн амжилттай тоглогч бөгөөд хосуудын энэхүү нэгдэл нь спорт болон хөгжмийн ертөнцийн хамгийн хүчирхэг хослол гэгддэг.

Хуримын ёслолтой холбоотой нарийн ширийн зүйлс одоог хүртэл нууцлаг хэвээр байгаа ч, “Мэдисон Сквер Гарден” шиг домогт газарт ийм хэмжээний бэлтгэл хийж байгаа нь энэ зуны хамгийн том үйл явдал болох нь тодорхой байна.