Их Британийн хаан III Чарльзын төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон олгодог “King’s Birthday Honours” хүндэтгэлийн жагсаалт зарлагдлаа. Энэ удаагийн жагсаалтад хөгжмийн ертөнцийн домогт уран бүтээлчид багтсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Жагсаалтын тэргүүн эгнээнд “Black Sabbath” хамтлагийн гитарчин, хүнд метал хөгжмийн загалмайлсан эцэг гэгддэг Тони Айомми багтжээ. Түүнчлэн дэлхийн электро хөгжмийн тайзны алдартай DJ, продюсер Карл Кокс болон нэрт дуучин, радио хөтлөгч Керис Мэттьюс нар тус тус хүндэтгэл хүртэхээр болсон байна. Тэдгээр уран бүтээлчид нь хөгжмийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааныхаа төлөө ийнхүү төрийн одонг хүртэж байгаа юм.
Зөвхөн хөгжимчид бус, урлаг соёлын салбарын бусад төлөөлөгчид ч энэхүү нэр хүндтэй жагсаалтад багтсан байна. Тухайлбал, Оскарын шагналт нэрт жүжигчин Хелен Миррен, алдартай DJ Жюж Жюлс болон хүүхдийн зохиолч Жулия Дональдсон нар хааны хүндэтгэлийг хүртэхээр болжээ.
Их Британийн хааны энэхүү хүндэтгэлийн систем нь урлаг, спорт, шинжлэх ухаан болон нийгмийн үйлсэд онцгой гавьяа байгуулсан иргэдийг алдаршуулах зорилготой байдаг. Энэ удаагийн жагсаалт нь зөвхөн уламжлалт салбарууд төдийгүй орчин үеийн хөгжмийн соёлыг бүтээгчдийг төр засгаас хэрхэн өндрөөр үнэлж буйг харуулж байна.