Канадын 22 настай дуучин Тэйт Макрэй (Tate McRae) загварын алдарт Calvin Klein брэндийн 2026 оны намрын "Feel the Fit" жинсэн хувцасны сурталчилгааны нүүр царай болсныг Мягмар гарагт зарлалаа.
Найруулагч Карлийн Якобсын (Carlijn Jacobs) найруулсан уг сурталчилгаанд Грэммид нэр дэвшиж байсан дуучин бүсгүй "High Rise Loose Jeans" өмсөн коридороор бүжиглэж буй нь Calvin Klein-ий 1990-ээд оны хэв маягийг санагдуулж байна. Сурталчилгааны арын бичлэг дээр Тэйт Макрэй "Би энэ тухай маш удаан хугацаанд мөрөөдсөн" хэмээн хуваалцжээ. Түүнчлэн тэрээр өгсөн мэдэгдэлдээ Calvin Klein-ий жинсэн өмдний үнэнч шүтэн бишрэгч байсаар ирснээ дурдаад, загвар бүр нь өөртөө итгэх итгэлийг бэлэглэдгийг онцолсон байна.
Энэхүү сурталчилгааны видеонуудад түүний өөрийнх нь дуу биш, харин 1990 онд гарч Billboard Hot 100 жагсаалтын дөрөвдүгээр байранд хүрч байсан Deee-Lite хамтлагийн алдарт "Groove Is in the Heart" дуу эгшиглэж байна. Calvin Klein-ий дэлхийн брэнд хариуцсан ерөнхийлөгч Дэвид Савманы хэлснээр, Тэйт Макрэйгээс гадна энэ намар өөр дэлхийн одод уг аяны элчээр зарлагдах аж.
Хөгжмийн ертөнцөд ч амжилт дүүрэн яваа Тэйт Макрэйгийн 2025 онд гаргасан "So Close to What" цомог нь 177,000 дүйцэх цомгийн нэгж (equivalent album units) цуглуулж, анх удаа Billboard 200 жагсаалтыг тэргүүлж байв. Тэрээр саяхан наймдугаар сард OSHEAGA, Lollapalooza фестивалиудын гол тайзнаа тоглолт хийгээд байгаа бөгөөд Harper's Bazaar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шинэ уран бүтээлүүдээ бичиж буйгаа хуваалцжээ.