Fast Company сэтгүүлийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулахдаа нэр хүнд, ажлын туршлага, өмнөх амжилтыг голчлон анхаардаг байсан бол одоо нөхцөл байдал огцом өөрчлөгдөөд байна. Өнөөдөр олон чадварлаг удирдагчид ижил төстэй асуудалтай тулгарч байгаа нь нууц биш юм.

Тухайлбал, ажилд зуучлагчдын идэвх саарч, ярилцлагын үйл явц ямар нэгэн тайлбаргүйгээр гацдаг болжээ. Мөн нээлттэй байсан ажлын байрууд хайлт хийгдэж байх явцад гэнэт алга болох, илгээсэн өргөдлүүд хариугүй үлдэх зэрэг тохиолдол элбэгшсэн байна. И-мэйл илгээсэн ч хариу ирэхгүй байх, үр дүнгүй яриа өрнөх зэрэг нь өндөр туршлагатай хүмүүсийг хүртэл эргэлзээнд оруулж, "Би ямар нэгэн буруу зүйл хийгээд байна уу?" гэсэн асуултыг өөрөөсөө асуухад хүргэж байна.

Гэвч ихэнх тохиолдолд үүнд тухайн ажил горилогч буруугүй бөгөөд гол шалтгаан нь зах зээлийн өөрчлөлттэй шууд холбоотой байгаа аж. Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт уламжлалт хэлбэрээ алдаж, өмнөх шигээ амархан бүтдэг байсан үе ард хоцорчээ. Одоогийн байдлаар зах зээлийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, ажил олгогч болон ажил горилогчдын хоорондох харилцаа урьд өмнөхөөс илүү тодорхой бус болсон нь ажиглагдаж байна.