Америкийн инээдмийн жүжигчин, найруулагч Жон Эрли өөрийн анхны найруулагчийн бүтээл болох «Maddie’s Secret» киногоороо дамжуулан сошиал медиа дахь хоолны контентын «хачин» соёлыг хөндлөө. Жон Эрли нь АНУ-ын инээдмийн салбарт өөрийн өвөрмөц хэв маягаар танигдсан уран бүтээлч бөгөөд энэ удаад тэрээр орчин үеийн сошиал медиагийн хоолны нөлөөлөгчдийн (food influencer) хэтрүүлэгтэй, бараг л «порнограф» гэмээр тачаангуй, хэт гоёмсог бичлэгүүдээс сэдэв авчээ.
Киноны гол дүрд хоолны ертөнцөд од болохыг мөрөөдөж буй ч хооллолтын эмгэгтэй тэмцэж буй эмэгтэйн тухай өгүүлнэ. Жон Эрли ярилцлагадаа, сүүлийн үед Инстаграм, ТикТок дээрх хоол хийх үйл явцыг хэтрүүлэн харуулсан, зөвхөн үзэгчдийн анхаарлыг татах зорилготой «порнограф» мэт дүрслэлүүд нь бодит байдлаас хэрхэн тасарч байгааг шүүмжилсэн байна. Түүний үзэж буйгаар, эдгээр контент нь хүмүүсийн хоол хүнстэй харьцах харьцааг гажуудуулж, сэтгэл зүйн асуудлыг улам хүндрүүлж болзошгүй аж.
«Maddie’s Secret» нь зөвхөн инээдмийн кино биш, харин хооллолтын эмгэг болон сошиал медиагийн дарамт шахалтын талаарх чин сэтгэлийн, хүндрэлтэй түүхийг өгүүлэхээрээ онцлогтой. Жон Эрли энэхүү бүтээлээрээ дамжуулан үзэгчдийг дэлгэцээр харагдах «төгс» хоолны ард нуугдах бодит хүний зовлон, сэтгэл хөдлөлийг олж харахыг уриалж байна.
Энэхүү бүтээл нь сошиал медиагийн нөлөө хэрээс хэтэрсэн өнөө үед олон залууст өөрийнхөө хооллох зуршил болон цахим орчны харилцаагаа эргэн харахад туслах болов уу.