Хятадын дэлгэцийн бүтээл болох “Niu Lai” (The Bull Comes буюу Үхэр ирж байна) хүүхэлдэйн кино эхэндээ үзэгчдийн анхааралд өртөхгүй мартагдах төлөвтэй байв. Гэвч тус бүтээл хэр зэрэг бүтэлгүйтэж байгааг интернэт хэрэглэгчид анзаарснаар нөхцөл байдал эрс өөрчлөгджээ.

Наймдугаар сарын 14 гэхэд уг кино улс орон даяарх нээлтээсээ ердөө 7,352 юань (ойролцоогоор 1,000 ам.доллар) олсон нь цахим сүлжээнд тархсан байна. Энэ нь улсын хэмжээнд гарсан киноны хувьд хэтэрхий бага дүн байсан тул олон нийт эхэндээ алдаатай тоо гэж үзэж байв. Гэвч дүрүүдийн хөшүүн хөдөлгөөн, алдаа ихтэй анимэйшн бүхий бичлэгүүд цацагдсаны дараа хүмүүс шоглохоосоо илүүтэй бодитоор үзэхээр тасалбар худалдан авч эхэлсэн байна.

PowerPoint танилцуулга шиг хийц

Энэхүү 86 минутын кинонд дөнгөж төрсөн тугал хөл дээрээ зогсох гэж хичээж, урт зүүдэндээ бусад амьтадтай учирч, чонын халдлагад өртөн, эхийгээ алдаж, эр зориг, нөхөрлөлийн тухай суралцдаг үйл явдал гардаг. Гэвч хийцийн хувьд 3D загваруудын нарийвчлал маш муу, хөдөлгөөн нь хөшүүн, дүрүүд нь бие биеийнхээ дундуур нэвт гарч байв.

Цахим сүлжээний хэрэглэгчид үүнийг PowerPoint танилцуулга эсвэл хиймэл оюун ухаанаар яаран хийсэн гэрийн даалгавартай зүйрлэсэн байна. Тухайлбал, хоосон талбай дээр "өвс" гэсэн хятад ханз бичээстэй гардаг хачирхалтай хэсэг ч байжээ. Weibo сүлжээний нэгэн шүүмжлэгч уг бүтээлийг муу гэж хэлэх нь "муу кинонуудыг доромжилсон хэрэг болно" гэж бичсэн байна.

Гэнэтийн амжилт ба орлого

Кино нээлтээ хийхээс өмнө трейлер болон сурталчилгааны аян бараг хийгдээгүй бөгөөд театруудад зурагт хуудас ч дутагдаж, ажилтнууд нь гараараа зурж байжээ. Гэвч цахим орчинд шуугиан тарьснаас хойш 48 цагийн дотор 3 сая гаруй юанийн орлого олсон байна. Түүнчлэн өдөрт бараг гарахаа больсон байсан үзвэрийн тоо 10,000 давж өссөн талаар Хятадын хэвлэлүүд мэдээлэв.

Наймдугаар сарын 20 гэхэд тус киноны нийт орлого 4 сая гаруй ам.долларт хүрч, Хятадын өдөр тутмын чансаанд "Spider-Man: Brand New Day", "The Odyssey" зэрэг бүтээлүүдтэй зэрэгцэн бичигджээ. Мөн уг киног ердөө 200 ам.доллароор бүтээсэн гэх яриа гарч, бага зардлаар хийгдсэн "Obsession" киног гүйцэж, түүхэн дэх хамгийн их ашигтай киногоор нэрлэгдсэн гэх мэдээлэл ч гарсан байна.