АНУ-ын Цагаан ордон квантын технологийн хөгжилтэй холбоотой кибер аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэх зорилгоор шинэ шийдвэр гаргалаа. Тус улсын засгийн газар квантын компьютерт өртөж болзошгүй, хуучирсан шифрлэлтийн системийг халж, шинэ стандартад шилжих хугацааг эрс наашлуулсан байна.
Энэхүү шийдвэр нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм. Цагаан ордны зүгээс квантын технологийн дэвшил нь одоогийн мэдээлэл хамгаалах системд томоохон эрсдэл учруулж болзошгүйг анхааруулж байна. Хэрэв квантын дараах криптографи буюу квантын технологийн халдлагад тэсвэртэй шифрлэлтийн аргыг тогтоосон хугацаанд нэвтрүүлж чадахгүй бол улс орны мэдээллийн аюулгүй байдал ноцтой хохирол амсах магадлалтай гэж үзжээ.
Ийнхүү шилжилтийн хугацааг богиносгосон нь технологийн хурдацтай өөрчлөлтөд дасан зохицож, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн засгийн газрын чухал алхам болж байна.