Дэлхий дахинд алдартай Колумбын дуучин Шакира 2026 оны FIFA Дэлхийн Аваргын хөлбөмбөгийн тэмцээний албан ёсны дууг дуулах болсноо зарлаж, фэнүүдээ гайхшрууллаа. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Dai Dai” хэмээх шинэ дууны хэсгээс нийтэлсэн бөгөөд энэ дуунд Нигерийн Afrobeats урсгалын од Burna Boy хамтран оролцож байгаа аж.

Шакира нь хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний дууг дуулж байсан арвин туршлагатай. Тэрээр 2010 оны Өмнөд Африкийн Дэлхийн Аваргын албан ёсны дуу болох “Waka Waka (This Time for Africa)” дуугаараа дэлхийг шуугиулж, хөлбөмбөгийн фанатуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн билээ. Түүний энэ дуу нь цаг хугацааны шалгуурыг давж, одоог хүртэл хит хэвээр байгаа.

2026 оны Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулагдах бөгөөд хөлбөмбөгийн фанатууд Шакирагийн шинэ дууг тэсэн ядан хүлээж байна. “Dai Dai” дуу нь ямар хэмнэлтэй, ямар мессежтэй байх бол гэдэг нь фэнүүдийн дунд маргаан дагуулж байна. Шакирагийн урьдын амжилтуудыг харгалзан үзвэл энэ дуу нь 2026 оны Дэлхийн Аваргын тэмцээнийг улам ч доргиох нь дамжиггүй.