Америкийн рок-поп хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч, олон удаагийн Грэммийн шагналт дуучин Шерил Кроу Дональд Трампын засаг захиргааг эрс шүүмжилсэн байр сууриа илэрхийллээ. Тэрээр Цагаан ордны зүлгэн дээр UFC буюу холимог тулааны шоу зохион байгуулсныг “ёс зүйгүй, ичгүүртэй үйлдэл” хэмээн тодорхойлсон байна.

Шерил Кроу өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлэхдээ, улс орны төрийн тэргүүний өргөөнд хүчирхийллийн шинжтэй тулааны спортыг сурталчилж, улмаар тухайн арга хэмжээний үеэр АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн нэр хүндэд халдсан, арьс өнгөөр ялгаварласан шинжтэй мэдэгдэл хийсэнд бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Эрх мэдэлтэй, баян хүмүүс нэгэн ичгүүртэй, арьс өнгөөр ялгаварласан сэтгэгдлээр өндөрлөсөн хүчирхийллийн спортыг үзэхээр Цагаан ордны зүлгийг дүүргэсэн нь ёс суртахуунгүй явдал” хэмээн онцолсон байна.

АНУ-ын улс төрийн талбарт томоохон шуугиан дэгдээгээд буй энэхүү үйл явдал нь олон нийтийн дунд ч мөн маргаан дагуулаад байна. Олон хүн төрийн өндөр албаны байранд спортын арга хэмжээ зохиох нь зохисгүй төдийгүй, тэнд хэлэгдсэн доромж үгс нь улс төрийн соёлыг бүдүүлэг болгож байна хэмээн үзэж байна. Шерил Кроугийн хувьд өмнө нь ч нийгэм, улс төрийн асуудлаар байр сууриа илэрхийлж байсан туршлагатай уран бүтээлч бөгөөд энэ удаагийн түүний хатуу шүүмжлэл нь нийгмийн сүлжээнд хүчтэй дэмжлэг хүлээж байна.