Америкийн поп хөгжмийн нэрт төлөөлөгч, 83 настай дуучин Барри Манилоу Лас-Вегас хотын Westgate зочид буудалд хийхээр төлөвлөсөн хоёр үдшийн тоглолтоо цуцалсан тухайгаа зарлалаа.

Пүрэв гарагийн үдэш (наймдугаар сарын 20) түүний тоглолт эхлээд ердөө 40 минут өнгөрч байхад, 1978 оны Billboard Hot 100 жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан "Can't Smile Without You" дуугаа дуулж байх үед техникийн асуудал үүсэж, тоглолт гэнэт зогссон талаар Las Vegas Review-Journal мэдээлсэн юм.

Үүний дараа дуучин өөрийн Instagram хуудсаараа дамжуулан баасан болон бямба гарагийн тоглолтоо цуцлахаас өөр аргагүй болсныг фенүүддээ дуулгажээ. Тэрбээр уг мэдэгдэлдээ: "Техникийн болон хоолойн асуудлаас шалтгаалан бид тоглолтоо хүргэх боломжгүй боллоо" хэмээн дурдсан бөгөөд тасалбарын төлбөрийг худалдан авсан цэгүүдээр дамжуулан автоматаар буцаан олгоно гэдгийг мэдэгдсэн байна. Яг ямар техникийн доголдол гарсныг тодорхой зарлаагүй байгаа аж.

Манилоу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уушгины 1-р шатны хорт хавдрын улмаас зүүн уушгины гэмтсэн хэсгийг авахуулах мэс засалд орж байсан юм. Үүний дараа эмчийн зөвлөснөөр амарч, хоёрдугаар сарын Лас-Вегасын тоглолтууд болон хаврын аялан тоглолтуудаа хойшлуулаад байв.

Одоогоор түүний энэ сарын 27-29-ний өдрүүдэд төлөвлөгдсөн тоглолтууд болон ес, арав, арваннэг, арванхоёрдугаар сарын хуваарьт тоглолтууд хүчинтэй хэвээр байгаа ажээ.