Америкийн дуучин, поп од Грейси Абрамс өөрийн гурав дахь студийн цомог болох «Daughter From Hell»-ийг долдугаар сарын 17-нд сонсогчдын хүртээл болголоо.

Энэхүү цомог нь түүнийг өмнөх хоёр дахь цомог болох «The Secret of Us»-аас хойш хоёр жилийн дараа гарч байгаа юм. Түүний өмнөх уран бүтээлүүд нь Billboard 200 жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж, «That’s So True» зэрэг хит дуунууд болон Тейлор Свифттай хамтарсан «Us» дуугаар нь дамжуулан түүнийг дэлхийн хэмжээний од болгосон билээ.

Шинэ цомгийн хувьд Грейси Абрамс өмнөх «Good Riddance» болон «The Secret of Us» цомгууддаа ашиглаж байсан гитар, төгөлдөр хуурын хэмнэлийг үргэлжлүүлэн ашигласан байна. Гэсэн хэдий ч энэ удаагийн бүтээлдээ тэрээр дууны бүтэцтэй илүүтэй туршилт хийж, электрон синтезатор болон гажилттай цахилгаан гитарын дуугаралтыг нэмж оруулжээ. Дуучны хоолойны хувьд урьд өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү зоригтой сонсогдож байгааг Billboard онцолсон байна.

«Daughter From Hell» цомог нь өмнөх цомгуудтай харьцуулахад поп урсгалаас илүүтэйгээр өөрийнхөө дотоод ертөнц, сэтгэл хөдлөл рүү чиглэсэн бүтээл болсон байна. Грейси Абрамс энэ удаад чарт тэргүүлэх гэхээсээ илүүтэйгээр өөрийн хүссэн хөгжмөө бүтээж, сонсогчидтойгоо илүү ойр байхыг зорьжээ. Billboard сэтгүүлээс энэхүү цомогт багтсан нийт 16 дууг эрэмбэлэн хүргэж байна.