Найруулагч, зохиолч Райан Жонсоны 2019 онд үзэгчдэд хүргэсэн “Knives Out” кино нь Агата Кристигийн хэв маягийн нууцлаг аллага болон алдартай жүжигчдийн хөгжилтэй дүрүүдээрээ шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Үүний дараа тэрээр мөрдөгч Бенуа Бланкийн (Дэниэл Крэйг) түүхийг үргэлжлүүлж 2022 оны “Glass Onion”, 2025 оны “Wake Up, Dead Man” бүтээлүүдийг хүргэсэн юм.

Mashable цахим хуудас “Knives Out” ертөнцтэй төстэй, инээдэм дагалдсан нууцлаг гэмт хэргийн төрлийн шилдэг кинонуудыг онцолжээ.

Жагсаалтад 1985 оны “Clue” кино багтсан бөгөөд Жонатан Линний найруулсан уг бүтээл нь тухайн үедээ амжилт олоогүй ч хожим зурагтаар цацагдсанаар шүтэн бишрэгчдийн хүрээлэлтэй болсон түүхтэй. Ижил нэрт хөлөгт тоглоомоос сэдэвлэсэн уг кинонд нэгэн харшид цугласан танихгүй хүмүүсийн дунд аллага гарахад алуурчныг илрүүлэхээр хичээж буй тухай өгүүлдэг. Уг бүтээлийг одоогоор “Pluto TV”-ээр үзэх боломжтой байна.

Мөн Ричард Османы романаас сэдэвлэсэн найруулагч Крис Коламбусын “The Thursday Murder Club” киног нэрлэжээ. Английн хөдөө тосгоны тэтгэврийн хөгшчүүл илрээгүй хүн амины хэргүүдийг хэлэлцдэг бөгөөд тэдний орчинд аллага гарахад хэргийг мөрдөж эхэлдэг. Олон алдартай жүжигчид тоглосон уг кино одоогоор “Netflix”-ээр цацагдаж байна. Үүнээс гадна Леоние Сванны “Three Bags Full” номоос сэдэвлэсэн, Крейг Мазины “The Sheep Detectives” бүтээлийг мөн дурджээ.