Долли Партоны эдлэн буюу өв залгамжлалын (estate) удирдлага түүний бүтээлч чиглэл, өв соёлыг хадгалан авч явах шинэ багаа албан ёсоор зарлалаа.
Хэвлэлийн мэдээнд дурдсанаар уг бүтээлч багийг Долли Партонтой 30 гаруй жил хамтран ажилласан Стив Саммерс бүтээлч захирлаар удирдах юм. Тэд Партоны өвөрмөц хэв маяг, бүтээлч сэтгэлгээ болон үзэл санааг хадгалан, цааш үргэлжлүүлэн авч явах үүргийг хүлээнэ.
Бүтээлч багийн гишүүд ба туршлага
Стив Саммерс нь 1991 онд Долливудад дуучин, бүжигчнээр ажлын гараагаа эхлүүлж, улмаар тайз болон хувцас дизайны чиглэлд ажиллаж эхэлжээ. Партон түүнийг 2004 онд өөрийн аялан тоглолтын найруулагч, бүжиг дэглээчээр авсан бөгөөд 2006 онд Dolly Parton Enterprises-ийн бүтээлч захирлаар томилж байв. Шинэ үүрэгт ажлынхаа хүрээнд тэрбээр удахгүй Бродвейд тавигдах DOLLY: A True Original Musical шоу болон бусад бүтээлч төслүүдийг хариуцан ажиллахаар болсон байна. Мөн албан ёсны брэнд элчээр зарлагдсан Доллигийн зээ дүү Даниэль Партонтой хамтран ажиллана.
Багийн бусад бүрэлдэхүүнд:
- Райли Рид Ханратти (бүтээлч менежер) — 2018 оноос эхлэн хувцасны тохируулга болон Партоны хувцасны дижитал архивыг үүсгэх ажлыг хариуцаж байсан бөгөөд 2022 онд хувцасны цехийн менежер, ахлах оёдолчноор томилогдож байжээ.
- Вэнс Николс (дизайн мэргэжилтэн) — тайз болон интерьер дизайны чиглэлээр 30 жилийн туршлагатай бөгөөд зураг авалт, телевизийн нэвтрүүлгийн тайз засал дээр ажиллаж ирсэн.
- Брэдли Шнабел (бүтээлч мэргэжилтэн) — Партоны хувийн туслахаар бараг таван жил ажилласан туршлагатай бөгөөд төслийн төлөвлөлт, зохион байгуулалтыг дэмжин ажиллах юм.