Алдарт реппер Жей-Зи (Jay-Z) 1996 онд гаргасан анхны цомог болох “Reasonable Doubt”-ийн 30 жилийн ойг тохиолдуулан Нью-Йорк хотын Янки цэнгэлдэх хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжлэх тоглолтынхоо эхний өдрийг амжилттай зохион байгууллаа. Тэрээр энэхүү тоглолтынхоо үеэр анхны цомгийнхоо дуунуудыг амьд хөгжмийн хамтлагтай хамтран шинэчлэн дуулсан байна.
Тоглолт жинхэнэ гэр бүлийн уур амьсгалтай болж, түүний эхнэр, алдарт дуучин Бейонсе (Beyoncé) “Can’t Knock the Hustle” дууг эхлүүлэхэд хамт тайзан дээр гарч иржээ. Мөн тэдний охин Блү Айви Картер (Blue Ivy Carter) “Feelin’ It” дууг төгөлдөр хуур дээр тоглож үзэгчдийг гайхшруулсан байна. Жей-Зи тоглолтынхоо үеэр өөрийн саяхан хийсэн бизнесийн гэрээг шүүмжлэгчдэд хариу барьсан шинэ фристайл рэпээ уншиж, шүүмжлэгчдийг үл тоож буйгаа илэрхийлжээ.
Энэ үдшийн тоглолтод олон алдартнууд оролцсон нь олны анхаарлыг татав. Тухайлбал, реппер Нас (Nas) тайзан дээр гарч ирэн “Dead Presidents” болон “New York State of Mind” дуунуудыг хослуулан дуулсан нь тоглолтын оргил мөчүүдийн нэг байлаа. Түүнчлэн Мемфис Блик, Жаз-О нартай хамтран дуулж, тоглолтын төгсгөлд дуучин Алиша Киз (Alicia Keys)-тэй хамт “Empire State of Mind” хит дуугаа дуулснаар үдшийг өндөрлөсөн байна.
Тоглолтын эхэнд гарсан дүрс бичлэгт Бейонсе Жей-Зигийн үсийг засаж буй нь харагдсан нь түүнийг шинэ цомог гаргахын өмнө үсээ ургуулж, бэлэн болох үедээ авдаг гэх яриаг дахин сэргээв. Жей-Зи тоглолтынхоо турш “D’Evils”, “No Church in the Wild”, “Can I Live” зэрэг олон алдартай бүтээлүүдээ толилуулсан юм.