Америкийн алдарт рок хөгжимчин, The White Stripes хамтлагийн гишүүн асан Жэк Уайт өөрийн долоо дахь соло цомог болох «Frozen Charlotte»-г долдугаар сарын 10-нд Third Man Records студиэр дамжуулан гаргалаа. Энэхүү цомог нь түүний өмнөх уран бүтээлүүдийн адил олны анхаарлыг татаж байна.

Жэк Уайт өнгөрсөн дөрөвдүгээр сард «Saturday Night Live» нэвтрүүлэгт оролцох үеэрээ «G.O.D. And The Broken Ribs» болон «Derecho Demonico» хэмээх хоёр шинэ дуугаа анх удаа амьдаар толилуулсан юм. Тухайн үед шинэ төсөл эсвэл цомог гарах тухай ямар нэгэн мэдээлэл байгаагүй ч Coachella 2026 наадамд гэнэтийн зочноор оролцохдоо ч тэрээр эдгээр дууг дахин дуулсан билээ. Шинэ цомгийн нүүр зураг нь түүний тайзан дээрх хөшөөтэй ижил төрхтэй бөгөөд цэнхэр гавлын яс бүхий дүрслэлтэй юм.

Уайтын өмнөх зургаан соло цомог бүгд Billboard 200 жагсаалтад багтаж байсан бөгөөд «Blunderbuss», «Lazaretto», «Boarding House Reach» цомгууд нь жагсаалтыг тэргүүлж байв. Түүний шинэ «G.O.D.» дуу нь Rock Digital Song Sales болон Alternative Digital Song Sales жагсаалтуудад хоёрдугаар байрт бичигдсэн амжилт үзүүлжээ.

Одоогоор Жэк Уайт аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд долдугаар сарын 10-нд Вашингтон хотоос эхэлсэн энэхүү аялан тоглолт арван нэгдүгээр сарын 21-нд Атланта хотод өндөрлөх юм. Тэрээр тоглолт бүр дээрээ өөр өөр дуунууд дуулж, The White Stripes, The Raconteurs, The Dead Weather зэрэг өөрийн бүхий л төслийн хит дуунуудыг багтаадаг онцлогтой. Энэ удаагийн аялан тоглолтод «Frozen Charlotte» цомгийн 13 шинэ дуу нэмэгдсэнээр тоглолтын жагсаалт улам баяжих төлөвтэй байна. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Billboard сэтгүүл Жэк Уайтын бүх 25 соло дууг эрэмбэлэн танилцуулжээ.