Алдарт рэппер Нелли дуучин Тейлор Свифтийн үнэнч шүтэн бишрэгч буюу "Swiftie" гэдгээ олон нийтэд харууллаа. Түүний эхнэр, дуучин Ашантитай хамтран гаргаж буй "Nelly & Ashanti: We Belong Together" реалити шоуны хоёрдугаар улирлын трэйлер цацагдсан бөгөөд уг бичлэгт тэд поп од Тейлор Свифт болон түүний сүйт залуу Трэвис Келси нарын хуриманд явахаар бэлтгэж буйг харуулжээ.

Трэйлерийн үеэр рэппер Нелли "Бид Тейлор болон Трэвисийн хуриманд уригдсан. Нелли бол Swiftie шүү дээ" хэмээн ярьсан байна. Тэд Madison Square Garden тийш явах замдаа машинд түр хугацааны үл ойлголцол үүсгэсэн нь биеийн тосоо мартсанаас болжээ. Ашанти цүнхээ уудлангаа бухимдаж, хараалын үг хэлэхэд Нелли үүнд нь дургүйцэж буй хөгжилтэй агшин бичлэгт үлджээ.

Шоуны энэ улиралд мөн тэдний хүү Каримын эцэг эхийн үүрэг, уран бүтээлийн амьдралыг харуулахын зэрэгцээ Fat Joe, Ja Rule, Jadakiss зэрэг одод оролцох юм. Түүнчлэн Ашанти өөрийн дуунуудын мастер бичлэгийг дахин хийж байгаа бөгөөд энэ алхмыг хийхэд Тейлор Свифтийн өөрийн цомгуудаа дахин бичүүлсэн үйл явдал ихээхэн урам зориг өгсөн тухайгаа өмнө нь дурдаж байжээ.

Нелли, Тейлор хоёр өмнө нь тайзан дээр хамт гарч байсан түүхтэй төдийгүй рэппер түүнийг "дүү охин шиг минь" хэмээн үнэлдэг байна. Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж байсан туршлагатай уран бүтээлчид ийнхүү шинэ улирлын цувралаараа фэнүүдтэйгээ уулзахад бэлэн болжээ.