Алдарт “Parks and Recreation” цувралын хамтран бүтээгч Майк Шур болон уг шоуны гол дүрийн жүжигчин Эми Полер нар дахин хамтран “Dig” хэмээх шинэ комеди цувралыг бүтээжээ. Peacock стриминг тавцангаар цацагдаж буй уг инээдмийн цуврал зарлагдсан цагаасаа эхлэн “Parks and Recreation”-той харьцуулагдаж эхэлсэн байна.
“Dig” цувралд Грек дэх археологийн малтлагын талбайг удирдаж буй чадварлаг, эрч хүчтэй археологич Элисийн тухай өгүүлдэг. Энэхүү цувралын хамтран бүтээгчдийн хувьд өмнөх төслүүдтэйгээ харьцуулагдах нь цоо шинэ зүйл биш юм. Майк Шур Mashable-д Zoom-ээр өгсөн ярилцлагадаа анх “Parks and Recreation”-ийг эхлүүлж байхад тухайн үедээ маш их амжилттай байсан “The Office” цувралтай ихээр харьцуулж байсныг дурджээ. Тухайн үед хоёр цуврал хоёул NBC сувгийн ажлын байран дахь мокьюментари хэлбэрээр гарч байсан бөгөөд шүүмжлэгчид болон үзэгчид ижил төстэй талуудыг нь түргэн олж харсан байна.
Жүжигчин Эми Полер өмнө нь Good Hang нэвтрүүлгийн дугаарт оролцохдоо “Parks and Recreation хамгийн муу нээлтээ хийж байсан. Хүн бүр ‘Энэ The Office биш байна, бидэнд таалагдахгүй байна’ гэж байсан” хэмээн дурсаж байв. Гэсэн хэдий ч тус цуврал өөрийн гэсэн дулаан өнгө аясыг олж, амжилтад хүрч чадсан билээ.
Майк Шурын хувьд эдгээр харьцуулалтууд нь дараа дараагийн бүтээлд үзэгчид хэрхэн хандах талаар туршлага болсон гэж үзэж байна. Тэрээр өөрсдийн хийсэн өөр нэг бүтээлтэйгээ дахин харьцуулагдаж байгаа ч сэтгэл зүйн хувьд илүү туршлагатай, ухаалаг болсон гэдгээ онцолжээ. Мөн тэрээр үзэгчид шинэ бүтээлийг нь өмнөх шиг нь байх болов уу гэж хүлээх нь нэг талаар давуу тал буюу хүмүүс өмнөх бүтээлийг нь үзэж, хайрласны илрэл хэмээн тодорхойлсон байна.
Одоогоор “Dig” цувралын бүх анги Peacock платформ дээр үзэх боломжтойгоор гарчээ.