Дэлхийн хөгжмийн ертөнцөд “Mr. Worldwide” хэмээн алдаршсан Куба-Америк гаралтай уран бүтээлч Питбулл (жинхэнэ нэр нь Армандо Кристиан Перез) өөрийн 14 дэх студийн цомгоо цацлаа. Түүний шинэ цомог нь “Pitcoin” хэмээх содон нэртэй бөгөөд энэ нь өөрийн уран бүтээлийн нэр болон “Bitcoin”-ийг хослуулсан үгийн тоглоом юм.
Энэхүү шинэ бүтээлд нийт 24 шинэ дуу багтсан бөгөөд рэп, поп, меренге, кантри, электрон, фанк, гуарача, сальса зэрэг олон төрлийн хөгжмийн урсгалуудыг багтааснаараа онцлог болжээ. Мөн уг хоёр хэл дээрх цомогт Bon Jovi, Akon, Jason Derulo, Ne-Yo, KISS, Anthony Ramos, Gente de Zona, Lenier, Zion, Jowell & Randy зэрэг олон төрлийн уран бүтээлчид хамтран ажилласан байна.
Түүнчлэн Питбулл олон жилийн найз, уран бүтээлийн хамтрагчидтайгаа дахин нэгджээ. Тухайлбал, Энрике Иглесиастай “Me Paraste el Corazón”, “Tamo Bien” дуунууд дээр хамтарсан бол Lil Jon-той “Damn I Love Miami” зэрэг хэд хэдэн дуун дээр ажилласан байна. “Damn I Love Miami” дуу нь анх 2020 оны “Bad Boys for Life” киноны дуугаар цацагдаж байсан бөгөөд цахим сүлжээнд бүжиг нь вирустсэний дараа өнгөрсөн есдүгээр сард сингл болон дахин гарч, Rhythmic Airplay жагсаалтын 6, Pop Airplay-ийн 20, Hot Rap Songs-ийн 13 дугаарт эрэмбэлэгдэн, Hot 100 чартад ч бичигдэж байв.
Lil Jon өмнө нь Billboard-д өгсөн ярилцлагадаа "Хүмүүс таны тэдний төлөө юу хийснийг мартдаг эсвэл санахгүй байгаа дүр эсгэдэг. Харин тэр надад хэзээ ч өөрчлөгдөөгүй. Би түүнийг анхнаас нь эхлээд өдийг хүртэл хамт байгааг нь ихэд хүндэлж, хайрладаг" хэмээн ярьжээ.
Питбулл нь 2026 оны 10-р сарын 19-нөөс 22-ны хооронд Майами Бич дэх Faena Forum-д зохион байгуулагдах “Billboard Latin Music Week” арга хэмжээний Superstar Q&A хэсэгт үг хэлэхээр төлөвлөгдөөд байна.