Америкийн алдарт реппер Рик Росс саяхан "The Joe Budden Podcast" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Дрейктэй үүсгээд байсан харилцааныхаа талаарх асуултад хариулжээ. Нэвтрүүлгийн хөтлөгч Жо Бадден тэднийг олон жилийн турш хамтран ажиллаж, найз нөхдийн дүр эсгэж байсан нь зүгээр л "жүжиг" (facade) байсан юм биш үү хэмээн асуусан байна.

Энэхүү таамаглалыг Рик Росс эрс үгүйсгэж, тэдний харилцаа жинхэнэ байсан гэдгийг онцолжээ. Тэрээр "Үүнийг бүү буруугаар ойлгоорой. Тэр бүхэн огтхон ч хуурамч байгаагүй" хэмээн хариулсан байна. Росс нэмж хэлэхдээ, хүмүүсийн хоорондох нөхөрлөл заримдаа ямар нэгэн шалтгаанаар хөрч, салж сарнидаг нь амьдралын энгийн үзэгдэл гэдгийг тайлбарлажээ.

Тэрээр мөн Жо Баддены өөрийнх нь хуучин хамтрагчидтайгаа харилцаагаа тасалсан жишээг дурдан, бизнесийн ертөнцөд хүмүүс нэгнээ хүндлэн хамтран ажиллаж байгаад дараа нь өөр замаар явах тохиолдол гардаг гэв. "Хэрэв та нэгэнтэй харилцаатай байгаа бол тэр нь үнэн байдаг. Харин бүх зүйл буруу тийшээ эргэх юм бол тэр нь тэр чигтээ л дуусдаг" хэмээн тэрээр нэмж хэлжээ.

Рик Росс өөрийн 12 дахь бие даасан цомог болох «Set in Stone»-ийг энэ сарын 17-нд гаргасан бөгөөд одоогоор «Port of Miami» цомгийн 20 жилийн ойн аялан тоглолтоо үргэлжлүүлж байна.