Америкийн рэппер Gunna өөрийн хөгжмийн замналд шинэ хуудас нээж, Atlantic Records-той хамтран SB The Label нэртэй шинэ импринтээ албан ёсоор байгуулснаа зарлалаа. Баасан гарагт хийсэн уг мэдэгдэлдээ тэрээр Casper Bluff, Dracc болон Nechie нарыг тус импринтэд нэгдсэн анхны уран бүтээлчид болохыг дурдсан байна.
Энэхүү үйл явдлын талаар Atlantic Music Group-ийн гүйцэтгэх захирал Эллиот Грейндж онцлохдоо, Gunna-гийн орчин үеийн хип хоп болон нийт хөгжмийн ертөнцөд үзүүлсэн нөлөөг өндрөөр үнэлж, түүнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.
Шинэ импринтээ танилцуулахын зэрэгцээ 33 настай рэппер “Pop It” нэртэй шинэ сингл болон клипээ цацсан нь түүний дараагийн “Splurge” цомгийн эхлэл болж буй бололтой байна. Спайк Жорданы найруулсан тус клипэнд Америкийн 22 настай алдарт теннисчин Коко Гауфф оролцон тогложээ. Клипний эхэнд тансаг хивс дэвссэн талбайд Гауффтай теннис тоглож буй хэсэг гарах бөгөөд далайн эргийн харш, чамин спорт машинууд зэрэг өвөрмөц орчинд үйл явдал өрнөдөг байна.
Gunna өмнө нь 2025 оны наймдугаар сард гарсан “The Last Wun” цомгоо Young Thug-ийн YSL болон 300 Entertainment-ээр дамжуулан гаргаж байсан юм. Тус цомог нь Billboard 200 жагсаалтын гуравдугаар байранд бичигдэж байв. Харин Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр цаашдын гэрээний нөхцөл байдлынхаа талаар яриа хэлэлцээ хийгдэж байгааг дурдаад, шинэ цомгоо “Splurge” гэж нэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцсан ч цацагдах хугацааг хараахан зарлаагүй байна.