Алдарт “Rockstar Games” компанийн бүтээл “Grand Theft Auto VI” (GTA 6) тоглоом арваннэгдүгээр сарын 19-нд нээлтээ хийсний дараа тоглогчдын дунд нэгэн сонирхолтой мэдээлэл тархсан юм. Тоглоомын радио станцуудын нэгээр талийгаач дуучин Майкл Арчер буюу Д’Анжелогийн (D’Angelo) өмнө нь огт цацагдаж байгаагүй дуу эгшиглэж байна гэх шуугиан дэгдээд байв. Улмаар “Rockstar Games”-ээс танилцуулсан уран бүтээлчдийн нэрс дунд “Worldwide FM” радиогийн жагсаалтад “Kamikazi” хэмээх дуу албан ёсоор бүртгэгдсэнээр уг мэдээлэл батлагдсан байна.
Тоглогчид тоглоомын ертөнцөд машин жолоодож явахдаа хөтлөгч Жайлс Питерсоны хөтөлдөг “Worldwide FM” сувгийг сонгосноор уг бүтээлийг сонсох боломжтой болжээ.
Рокстар ба Д’Анжелогийн олон жилийн нөхөрлөл
Талийгаач дуучин “Rockstar Games”-ийн бүтээл “Red Dead Redemption” тоглоомд туйлын дуртай байсан нь тэдний хамтын ажиллагааны эхлэл болж байжээ. Тэрбээр уг тоглоомд хэт автсаныхаа улмаас хөгжүүлэгчидтэй өөрөө холбогдож, “Red Dead Redemption 2” тоглоомыг 2018 онд гарахаас нь өмнө туршиж тоглох (play tester) боломж олж авч байсан аж. Энэхүү харилцаа нь явсаар тус тоглоомын дуу болох “May I? Stand Unshaken” бүтээлийг туурвихад хүргэж байв.
“Rockstar Games”-ийн хөгжим, дууны найруулагч Иван Павлович 2018 онд өгсөн ярилцлагадаа: “Тэр манай Нью-Йорк дахь оффист ирээд л тоглоом тоглодог байсан. Бид эхэндээ хөгжмийн талаар ярьдаг ч үгүй байв. Шөнө дунд ирээд өглөөний дөрвөн цаг хүртэл тоглоно. Би түүн шиг тэгж их догдолж байсан хүнийг хэзээ ч харж байгаагүй” хэмээн дурссан байдаг.
Гэр бүлийнхнийх нь албан ёсны мэдэгдэл
Дуучны ах Лютер Арчер дуучны өвийг хариуцагч талыг төлөөлөн урт мэдэгдэл гаргажээ. Тэрбээр дүүгээ алдаад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн ч эвлэрэхэд хэцүү байгааг дурдаад, түүний дараагийн уран бүтээлүүдийг ямар ч буултгүйгээр, өндөр шалгууртайгаар олон нийтэд хүргэх хүнд даалгавар авснаа илэрхийлсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар, Д’Анжело өөрөө 2024 оны арваннэгдүгээр сард уг дууг одоогийн хувилбараар нь “Grand Theft Auto VI” тоглоомд оруулахыг зөвшөөрч, тоглоомын хүрээнд олон нийтэд цацахыг маш их хүсэж байжээ. “Kamikazi” дууны продюсероор Д’Анжело өөрөө, мөн Slingbaum болон дууны инженер Бен Кэйн нар хамтран ажилласан байна.