Америкийн алдарт дуучин Долли Партон наймдугаар сарын 25-ны мягмар гарагт 80 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг таалал төгссөнтэй холбогдуулан поп од Тейлор Свифт Billboard сэтгүүлээр дамжуулан гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэлийн үгээ хуваалцжээ.

Хоёр уран бүтээлч хамтран дуу бичүүлж байгаагүй ч бие биеэ үргэлж өндрөөр үнэлж, хүндэтгэж ирсэн юм. Тейлор Свифт мэдэгдэлдээ, “Доллигүй ертөнцийг бодитой, байж боломжтой гэж төсөөлөхөд бэрх байна. Гэхдээ түүний энэ дэлхийд зориулсан хязгааргүй өгөөмөр сэтгэл, сайн сайхан болгон өөрчилсөн тоо томшгүй олон хүний амьдралын ачаар түүний өв үүрд мөнх орших болно” хэмээн онцолжээ.

Мөн тэрээр Доллигийн дуу зохиох хосгүй авьяас, уран бүтээлчийнхээ хувьд өөрийн үнэ цэнийг хатуу хамгаалдаг зан чанарыг нь өндрөөр үнэлсэн байна. Свифт, “Тэрээр бусдын бэрхшээлийг ойлгох хамгийн энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй атлаа уран бүтээлчийнхээ үнэ цэнийг хамгаалах ган мэт нугаршгүй ноён нуруутай нэгэн байсан” хэмээн дурджээ.

Өнгөрсөн сард буюу долоодугаар сарын 3-ны хуримныхаа өмнө Тейлор Свифт болон түүний тухайн үеийн сүйт залуу Тревис Келси нар нийт 26 сая ам.долларын буяны хандивынхаа хүрээнд Долли Партоны Imagination Library төсөлд 2 сая ам.доллар хандивлаж байсан юм. Тухайн үед Долли Партон цахим хуудсаараа дамжуулан тэдэнд талархал илэрхийлж байв.

Партон ч мөн өнгөрсөн жил E! News-т өгсөн ярилцлагадаа Тейлор Свифтийн уран бүтээл, амьдралын замналыг биширдэг тухайгаа дурдаж, өндрөөр үнэлж явдгаа илэрхийлж байжээ.