Сүүлийн хорин жилийн турш поп, инди, кантр зэрэг олон төрлийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй дуучин, ая зохиогч Тэйлор Свифт өөрийн кантр үндэс суурь нь цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнтэй болж буйг онцолжээ.
Наймдугаар сарын 18-нд болсон, саяхан YouTube дээр бүрэн эхээрээ цацагдсан Grammy Museum-ийн ярилцлагын үеэр тэрбээр анхны "Tim McGraw" синглээ гаргаж байсан үеийн өөрийгөө дурсан ярьсан байна. Recording Academy-ийн гүйцэтгэх захирал Харви Мейсон түүнээс өнгөрсөн болон одоогийн уран бүтээлчийн ялгаа, юу нь хэвээр үлдсэн талаар асуухад Свифт анхны гарааг нь тавьж өгсөн кантр сууриа нэрлэжээ. Тэрбээр нас ахих тусам кантр үндэс суурьтаа улам хайртай болж, түүнийг тодорхойлж өгсөн хүмүүст улам илүү үнэнч, холбоотой байхыг хүсэж буйгаа хэлсэн байна.
Эдгээр суурь нь түүний дуу зохиогчийн хувиар төлөвшсөн Нэшвилл хоттой салшгүй холбоотой аж. Свифт 10 орчим настайдаа Bluebird Cafe-аас Фэйт Хилл нээгдэж байсныг мэдсэнээс хойш тус хотыг ихэд сонирхох болж, тухайн газарт тоглох зорилго тавин, бие даан хөгжим сурч, дуу бичиж эхэлсэн гэдэг. Ийнхүү кантр хөгжимд шимтсэн нь түүний өвөрмөц дүр зураглал бүхий түүх өгүүлэх арга барилыг бүрдүүлжээ.
Тэрбээр 16 настайдаа ахлах сургуулийн амьдралынхаа тухай дуулж анхны цомгоо гаргах үед зарим хүмүүс өсвөр насны охины түүх кантр сонсогчдод хүрэх эсэхэд эргэлзэж байсан ч өөрийн зөн совиндоо итгэсэн байна. Свифт дараа нь 2012 оны Red, 2014 оны 1989 цомгуудаараа поп урсгал руу шилжиж, Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн ч Нэшвиллд олж авсан дуу зохиох зарчим нь бүтээлүүдийнх нь суурь хэвээр үлдсэнийг дурджээ.