Хөгжмийн салбарын томоохон байгууллагууд болох RIAA (Америкийн дуу бичлэгийн үйлдвэрлэлийн холбоо) болон IFPI (Олон улсын дуу бичлэгийн үйлдвэрлэлийн холбоо) хамтран хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн дуунуудыг ялгах зорилготой шинэ систем боловсруулж эхэлжээ.

Энэхүү санаачилга нь хөгжмийн бүтээлүүд дээрх насны ангилал эсвэл “explicit” буюу насанд хүрэгчдэд зориулсан агуулгатайг илтгэх тэмдэглэгээтэй ижил зарчмаар ажиллах юм. Шинэ системийн тусламжтайгаар сонсогчид тухайн дууг “AI-generated” буюу хиймэл оюун ухаанаар бүрэн бүтээгдсэн эсвэл “AI-assisted” буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээгдсэн гэдгийг хялбархан ялгах боломжтой болно.

Хөгжмийн салбарт хиймэл оюун ухааны нөлөө улам бүр нэмэгдэж байгаа энэ үед уг систем нь дуу хөгжмийн бүтээлийн гарал үүслийг тодорхой болгох чухал алхам болж байна. Одоогоор энэхүү тэмдэглэгээний систем нь хэрхэн хэрэгжих талаарх дэлгэрэнгүй мэдээлэл үргэлжлэн хэлэлцэгдэж байна.