Америкийн хөлбөмбөгийн NFL-ийн "Чикаго Бэарс" багт олон жил зүтгэсэн довтолгооны шугамын тоглогч Реви Сори 73 насандаа таалал төгссөнийг "Chicago Sun-Times" сонин баталжээ.

Реви Сори 1975 оны драфтаар тус багт нэгдэж, нийт 109 тоглолтод (77 тоглолтод гарааны бүрэлдэхүүнд) оролцсон байна. Тэрбээр багийн довтолгооны шугамд голлох үүрэг гүйцэтгэж, "All-Conference" хүндэтгэлийг хүртэж байснаас гадна домогт тоглогч Уолтер Пэйтоны замыг хамгаалж, довтолгоог амжилттай болгоход Ноа Жексоны хамт гол нөлөө үзүүлсэн нэгэн байв. Сори 1983 оны улирлын дараа зодог тайлжээ.

Тэрбээр спортын замналаа өндөрлүүлснийхээ дараа олон нийтийн сайн сайхны төлөө идэвхтэй ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, "Ada S. McKinley Community Services" байгууллагад боловсролын үйлчилгээ хариуцсан захирлаар ажиллаж, дотнын найз Анита Эфроны хамт оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг үүсгэн байгуулжээ. Олон нийтийн үйл хэрэгт гаргасан хичээл зүтгэлийг нь үнэлэн түүнд 2007 онд Иллинойсын их сургуулиас олгодог "Monsignor Edward J. Duncan" шагналыг гардуулж байв.

Реви Сори амьдралынхаа сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хүнд сорилтуудтай тулгарсан юм. Тэрбээр 2002 онд анх харвалт өгсөн бол 2012 онд хүнд хэлбэрийн харвалтын улмаас ярьж, алхаж чадахгүй болж, байнгын асаргаа шаардлагатай болсон байна. Мөн түүний эхнэр 2011 онд хавдраар, хүү нь 2016 онд тус тус нас барж байжээ. Энэхүү хүнд цаг үед түүнийг драфтлагдах үеэс эхлэн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Морт болон түүний гэргий Анита Эфрон нар насан эцэслэл хүртэл нь асран халамжилж, хоёр дахь гэр бүл нь болсон байна.