Америкийн алдарт тамирчин Деион Сандерсын хүү, NFL-ийн тамирчин Шедур Сандерс хувийн амьдрал болон болзооны шалгуурынхаа талаар сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр аравдугаар сарын 9-нд “Cosmopolitan” сэтгүүлийн хөтлөгч Вилла Беннетттэй ярилцах үеэрээ анхны болзооны хамгийн том “red flag” буюу үл тохирох шинж чанарыг “найзуудаа дагуулж ирэх” хэмээн тодорхойлсон байна.
Сандерс хувийн харилцаандаа өндөр шалгуур тавьдаг бөгөөд зөвхөн хэт шүтэн бишрэгч эсвэл NFL-ийн тамирчдын гэр бүлийн тансаг амьдралыг хөөцөлдөгчтэй болзохыг хүсдэггүй гэнэ. Түүний хувьд хамгийн чухал зүйл нь эцэг эхийнх нь зөвшөөрөл аж. Эцэг эхийнхээ таалаагүй хүнтэй болзох эсэх тухай асуултад тэрбээр шууд “Үгүй” гэж хариулсан бөгөөд үүнийгээ тэдний өнгөрсөн туршлагатай холбон тайлбарлажээ.
Түүний эцэг эх болох Деион болон Пилар Сандерс нар 1999 онд гэрлэж, 12 жил хамт амьдарсны дараа 2011 онд Деион салалтын өргөдлөө гаргаж, улмаар тэдний гэрлэлт 2013 онд албан ёсоор дуусгавар болсон түүхтэй. 2011-2014 оны хооронд үргэлжилсэн шүүхийн маргаан, хүүхдийн асран хамгаалагчийн төлөөх тэмцэл нь тэдний гэр бүлийг нэлээд хүнд байдалд оруулж байв. Энэхүү үйл явдлыг дэргэдээс нь харж өссөн нь Шедурт харилцааны талаар үнэтэй сургамж болсон байна.
Шедур Сандерс яаран харилцаа үүсгэх бодолгүй байгаа бөгөөд одоогоор эцгийнхээ зөвлөснөөр карьертаа бүрэн төвлөрч, эхлээд жинхэнэ найзууд болохыг илүүд үзэж байгаагаа дурджээ.