Рэппер, жүжигчин бөгөөд кино продюсер 50 Cent удахгүй гарах *Street Fighter* киноны сурталчилгааны үеэр олон жилийн өрсөлдөгч Jay-Z-ийг ээлжит удаагаа цаашлуулав.

Тэрээр *Interview* сэтгүүлд зориулан хамтран тоглогч, комедиан Эндрю Шульцтай хийсэн яриандаа Jay-Z-ийн маркетингийн чадварыг хөнджээ. Түүний хэлснээр уран бүтээлчид нэр хүндээ хадгалахын тулд элдэв дүр төрх, маркетинг ашигладаг байна. Тухайлбал, Jay-Z анхны цомог *Reasonable Doubt*-ийнхээ нэр хүндийг өсгөхийн тулд 2010 онд Eminem-тэй хамтарсан аялан тоглолт зэрэг томоохон шоунуудыг хийсэн гэж 50 Cent үзэж байна. "Түүний цомог анх чартын 23-т бичигдэж байсан. Тухайн үед тийм ч сүртэй зүйл байгаагүй байж яагаад одоо том үйл явдал болчихов? Энэ бол зүгээр л гайхалтай маркетинг" хэмээн тэр ярьжээ.

Түүнчлэн Шульц киноныхоо дүрд Jay-Z-ийг эхэлж тоглуулах гэж байсан хэмээн хошигноход 50 Cent түүнийг ямар ч үнээр тийм зүйл хийхгүй хэмээн хариулсан байна.

Үүнээс гадна *Today* нэвтрүүлэгт оролцохдоо 50 Cent ирээдүйн хуримандаа хэнээр дуулуулах вэ гэсэн асуултад "Jay-Z миний хуриманд дуулна. Түүнээс гадна Kanye West ч гэсэн тухайн үед хориглогдоогүй байвал ирнэ" гэж наргижээ. Мөн шоронд хоригдож буй Diddy түүний Netflix-ийн *Sean Combs: The Reckoning* баримтат цувралыг үзсэн тухай асуухад тэрээр "Бүгд л үзсэн" хэмээн хариулсан байна.